❤️Амьдралын хэв маяг Урам зориг Хувь хүний хөгжил

Гэртээ байгаа хугацаагаа үр бүтээмжтэй өнгөрүүлэх 6 санаа

Дэлхий нийтийг түгшээгээд буй COVID-19 вирусын улмаас иргэдийг ариун цэвэр сахин, дархлаагаа дэмжиж гэртээ байхыг анхааруулсаар байгаа юм. Тиймээс гэртээ байх хугацаандаа уйдалгүй үр бүтээмжтэй байхын тулд хийж болох дараах үр бүтээлтэй зүйлсийг санал болгож байна.🥰

Ном унших

Ажилтай, хичээлтэй үедээ завгүй хэмээн шалтаглан ном уншдагггүй байсан бол одоо л хамгийн тохиромжтой цаг. Амжилттай явдаг ихэнхи хүмүүс өдөр бүр өөрсдийгөө сайжруулан, мэдлэгээ тэлж, ном унших дадалтай байдаг.

GIF by Ash Sta. Teresa
GIF by Ash Sta. Teresa

Өнөөдөр ном унших нь уйдсан үедээ хааяа хийдэг зүйл бус заавал суулгах дадал болоод байгаа юм. Үр дүн нь танд шууд мэдэгдэхгүй ч ном уншсанаар аливааг харах хандлагаа тэлж, дэлхий ертөнцтэй танилцан, сонирхолтой факт мэдээллүүдийг мэдэж, анхаарал төвлөрөлөө сайжруулах гэх мэт давуу талуудыг нь дурдвал маш их.

Англи хэл дээр үнэ төлбөргүй номнууд унших сонирхолтой бол энэ фэйсбүүк постыг сонирхоорой!

Онлайн сургалтанд хамрагдах

Өнөөдөр гэртээ сууж байгаад Харвард, MIT, Stanford, Yale их сургуулиудын хичээлүүдийг онлайнаар үзэх боломжтой үед бид амьдарч байна. Энэ давуу талыг ашиглан өөрийнхөө сурахыг хүссэн чадваруудыг жагсаан, онлайнаар судалж үзээрэй! Шинэ чадварууд илүүднэ гэж үгүй!

Админийх нь санал болгодог “Skillshare” дээр 2 сарын турш хүссэн ангидаа үнэгүй суралцах боломжийн талаар энэ нийтлэлээс олж уншаарай!

Дасгал, жим, иог ба бясалгал

Өөрийн чинь бий болгохыг хүсдэг биеэ үргэлж хойш тавьдаг бол одоо өөрийгөө дайчлаарай. Гэртээ хийж болох үр дүнтэй төрөл бүрийн дасгалууд онлайнаар байдаг учраас youtube ороод л таалагдсан дасгалаа дагаад хийхэд болно. Заавал удаан, хүнд дасгал биш 5 минутын дасгал эсвэл иог байхад л хангалттай;)

Yoga Plants GIF by Ash Sta. Teresa

Мөн бясалгал хийж үзэхийг зөвлөж байна. Админ нь анх сонсоход хэрэггүй, ойлгомжгүй санагддаг байсан боловч туршаад үзсэний дараа ямар их ач тустайг нь өөрийн биеэр мэдэрсэн. Анхаарал төвлөрөл эрс нэмэгдэж, стресс багасаад, тайвширсан аз жаргалтай мэдрэмж өгдөг. Дасгал, иог, бясалгалын хувьд админ нь өөрийн дуртай энэ Youtuber-г санал болгож байна.

Мөн ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсвэл тууштай байх ёстойг санаарай!

Төрөл бүрийн жор туршиж үзэх

Хийж үзэхийг хүсдэг байсан ч зав гардаггүй, чадахгүй гэх шалтгаануудаар хойшлуулж байсан жоруудаа туршиж үзэхэд тохиромжтой цаг! Үргэлж хийдэг төрлийн хоолнуудаасаа арай өөр төрлийн хоолнууд хийж оролдож үзээрэй! Интернет дээр маш олон амттай хоолнууд хийх заавар, бичлэг байдаг тул завтай байгаа цагаа далимдуулан яагаад гэрийнхнээ өөрийн гараар хийсэн амтат хоолнуудаар дайлж болохгүй гэж?

Эрүүл, хялбар амттай хоолнууд хийгээд сурчихвал хичээл/ажил нь орсны дараа өдрийн хоолоо бэлдэж явахад ч “юу хийх вэ?” гэж толгой гашилгахгүй.

Подкаст сонсох

Өнөөдөр чамд шинэ санаа, урам зориг, ухаарал өгөх олон төрлийн гайхалтай подкастууд бий. Дасгал хийнгээ, хоолоо бэлтгэхийн хажуугаар, өрөөгөө цэгцлэж байхдаа сонирхолтой подкаст сонсоод шинэ зүйлс сурах боломжтой эсвэл сурч буй хэл дээрээ подкаст сонсож сонсох чадвараа сайжруулаарай! Админийх нь сонсох дуртай Сэхээтэн подкастын энэ дугаарыг та нартаа санал болгож байна.

Шинэ хоббитой болох

Нээлттэйгээр сэтгэж, бүтээлч байдлаа хөгжүүлэх цаг! Жаахандаа хийдэг байсан ч орхисон хоббигоо сэргээж, шинэ зүйлс туршиж үзэх, хийхдээ аз жаргал авдаг бүтээлч хоббитой болоорой! Ямар ч дарамт, хугацаа, үр дүнд баригдалгүйгээр зүгээр л хийх хөгжилтэй, бүтээлч байлгах ямар ч төрлийн зүйл байж болно. Зураг зурах, хөгжим тоглож сурах, дуулах, бичих, бичлэг хийх, янзлах, зураг авах, тэмдэглэлийн дэвтрээ бүтээлчээр чимэглэх, MAKE-UP хийх гэх мэт жижиг боловч аз жаргалтай, адал явдалтай байлгах нэг хоббиг сонгоод туршаад үз;)

Flower Grow Sticker by Ash Sta. Teresa

Эцэст нь энэ хөл хорионы үеэр заавал үр бүтээлтэй байх гэж, үр бүтээлгүй байгаадаа гутарч өөрийгөө бүү зовоогоорой. Дуртай киногоо шөнө унталгүй үзэж, тик ток ухаж, шөнө болтол найзуудтайгаа ярилцаж, сошиал медиа хэсч залхуурах үе байдаг. Гэвч өөрт хийнэ гэж амласан зүйлсээ хийснийхээ дараа чөлөөт цагаа “залхуурахад” зориулаарай.

Мөн гэртээ байж, гараа сайн угааж, ариун цэвэр сахиж, дархлаагаа дэмжиж (витамин уух, шим тэжээлтэй хоол идэх, хангалттай ус уух г.м), хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй.

Ямар нэг зүйл хэрэгтэй бол, ярилцах хэрэгтэй бол DearDiary-тайгаа холбогдоорой. We are here for you! 💕

X, DearDiary.