❤️Амьдралын хэв маяг Урам зориг Хувь хүний хөгжил

Илүү бие даасан нэгэн болох 10 алхам

Хэнээс ч тусламж авахгүй хэмжээний биеэ дааж бусдаас хараат бус байх гэдэг зөвхөн ажил төрөл болон өмчөөр тодорхойлох нь дутмаг зүйл. Бие даасан байдал нь танд юу байгаагаас хамаарах бус эргэн тойрноосоо өөрийгөө юу гэж мэдэрч байгаагаас шалтгаалдаг.

Хэрэв та бие даасан нэгэн болохыг эрмэлздэг бол дараах зөвлөгөөг танд зориулж байна.

Өөрийгөө эргэцүүлэн боддог цагтай болох

Өөрийгөө эргэцүүлэн бодож тунгаана гэдэг маш том чадвар. Өөрийнхөө дотоод хүний талаар, хэн бэ гэдгийг мэдэлгүйгээр биеэ даах боломжгүй. Өөртэйгөө аль болох шулуун шударга бай. Алдаа дутагдлынхаа талаар шударга бай. Мэдээж төгс хүн гэж үгүй. Гэвч давуу болон сул тал, амжилт болон алдаа дутагдалтайгаа хамт өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь чухал.

Эргэцүүлж бодох цаг гаргах нь хамгийн эхний үндэс бөгөөд алхам. Өөрийн хүсэл зорилго, хэрэгцээг ойлгох, давуу болон сул талаа мэдэх, бат бөх байхыг сурах гэх мэт нь “бие даасан чи”-г бүтээх гол хүчин зүйлс.

Ганцаараа цагийг өнгөрүүлж сур

Залуучууд ялангуяа ганцаараа байхаас зайлсхийж заавал хэн нэгэнтэй байхыг хичээдэг. Үргэлж хэн нэгэнтэй байх нь ганцаараа байхаас илүү аюулгүй, тайван мэдрэмж өгөх нь бий. Мэдээж энэ мэдрэмж ганцхан танд төрдөггүй.

Гэхдээ хүн бүрт ганцаараа байх цаг шаардлагатай. Мөн ганцаараа байх цагаа өөрийгөө хөгжүүлж, өөр дээрээ ажиллахад зарцуулаарай. Та найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт байхдаа зорилго дээрээ ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чаддаг уу?

Ганцаараа байна гэдэг нь ганцаардахын нэр биш. Хэзээд ганцаараа байж чадна гэдгээ ойлгосон цагт та бие даасан нэгэн болоход нэг алхам ойртох болно.

Өөрийн санхүүгийн талаар ойлгох

Чиний мөнгө хаанаас гарж байгаа юунд зарцуулагдаж байгааг мэдэж байх нь зайлшгүй чухал. Мөнгөний хэрэглээгээ хяналгүй бодлогогүй худалдан авалтууд хийдэг үү? Хэрвээ чи насанд хүрээгүй байгаа бол, хэзээ нэгэн цагт “том хүн” болж өөрийн санхүүгээ өөрөө удирдаж сурах шаардлагатай болно. Мөнгөө хадгалах, үрж буй мөнгө буюу худалдан авалтуудаа бичиж дараа нь дүгнэлт хийх, мөн мөнгөө “хэрэггүй” зүйлсэд бус ирээдүйд үр шимээ өгөх зүйлсэд хөрөнгө оруулах гэх мэт. (мэдээж хамгийн их үр шим өгөх хөрөнгө оруулалт бол та өөрөө гэдгийг санаарай.)

Тиймээс эртнээс эхэлж өөрийгөө бэлтгээрэй. Энэ тал дээр нийтлэл, номнууд уншиж мэдлэгээ зузаатгахаас эхэлж болно.

Холбогдолтой нийтлэл: Хэрхэн өөрийн хувийн санхүүгээ удирдаж эхлэх вэ?

Үгийн сангаа өөрчил

‘Би чадахгүй’ ‘бүтэхгүй’ ‘болохгүй’ гэх мэт сөрөг үгсийг хэр их ашигладаг вэ? (Ялангуяа та өөрийнхөө тухай ярьж байхдаа). Энэ нь өөртөө төдийгүй бусдад сөрөг хандлага төрүүлдэг.

‘Бүгд л надаас илүү.’

‘Би царай муутай.’

‘Би хангалттай ухаантай биш.’

‘Надад үүнийг хийж чадах чадвар байхгүй.’

Хэрвээ та өөрийнхөө тухай бодох, ярих, тайлбарлахдаа ийм сөрөг үгс хэрэглэдэг бол энэ нь таны өөртөө итгэх итгэлд сэв суулгах болно. Өөртөө итгэлгүй атлаа бие даасан нэгэн болж чадах уу?

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх энгийн алхам бол өөрийнхөө тухай ярих байдлаа өөрчлөх явдал юм. Сөрөг, муухай үгсийг үгийн сангаасаа хасаарай. Таныг хүссэн мэдлэгээ хуримтлуулж, гайхалтай зүйлсийг мөрөөдөх боломж олгодог оюун санаа, байгаль дэлхий, хайртай хүмүүсээ хайрлахад тусалдаг сэтгэл зүрх, хүссэн бүхнээ хийхэд чинь хамгийн том туслах бие махбод тань сөрөг онцгүй үгсийг хүртэх эрхгүй. Та хорвоо дээр хамгийн хайртай хүмүүстээ сэтгэлийг нь өвтгөх онцгүй үгсийг хэлэх байсан уу?

Таны дотоод оюун бодол, өөртөө хэлж буй үгс тань өдөр тутамд таны сэтгэл санаа, үйлдэл бүрт тань нөлөөлж байдаг.

Хамтдаа нэг дасгал хийцгээе!

Яг одоо дагаад хийгээрэй. Өөрийнхөө талаар нэг сайн зүйлийг хэл. Дахиад чангаар хэл. Ямар мэдрэмж төрж байна? Сонин санагдаж магадгүй. Гэхдээ өдөр бүр тольны өмнө байгаа зүйлсдээ талархаж, өөрийгөө урамшуулсан үгсийг хэлдэг байгаарай.

 

View this post on Instagram

 

Эерэг зүйл дээр төвлөр ❤

A post shared by DearxDiary.org (@deardiarymongolia) on

Өөрийн хүсэл тэмүүлэл, хэрэгцээг ойлгох

Таны хүсэл мөрөөдөл юу вэ? Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Өдөр тутамд тань юу хэрэгцээтэй байдаг вэ?

Хаа хүрэхээ мэдэж байгаа хүн замаасаа хазайлгүй тууштай байж түүндээ хүрч чаддаг. Хүсэл мөрөөдөл, зорилготой байж түүндээ хүрэхийн тулд өдөр бүр цаг зарцуулдаг байхад гарцаагүй биелэх болно.

Таныг юу аз жаргалтай болгодог талаар мөн тунгааж үзээрэй. Интроверт хүн бол ганцаараа цагийг өнгөрөөх дуртай байдаг. Эсвэл магадгүй та олон хүний дунд байхдаа аз жаргал мэдэгдэг ч байж болно. Бичих дуртай, спортоор хичээллэх дуртай ч байж болно. Хүсэл, дуртай зүйлс, аз жаргалтай болгодог зүйлсээ сайтар мэддэг байж тэдгээр зүйлсдээ цаг зарцуулдаг байгаарай. Хэн нэгэн тантай хамт дургүй зүйлийг чинь хийе гэхэд “үгүй, хүсэхгүй байна” гэж зоригтойгоор хэлэхэд тань туслана;)

Өөрийн давуу тал болон сул талыг мэд.

Давуу болон сул талаа мэдэж авах нь амьдралыг тань тэр чигээр нь өөрчлөх боломжтой.

Орой төвлөрч чаддаггүй бол өглөө ажлаа хий. Өглөө эрт босч чаддаггүй бол ямар нэгэн өдөөх зүйлсийг ол. Кофе эсвэл амттай өглөөний цай ч юм уу.

Сайн хийж чаддаг чадвар, давуу талуудаа илүү өнгөлж гялалзуулаарай. Харин сул талууд дээрээ ажиллаж засч, давуу тал болгож ч болно. Гэвч мэдээж огт сул талгүй төгс хүн гэж үгүй тул заримдаа тэднийгээ байгаагаар нь хүлээж аваарай. Гагцхүү танд бусадтай ижил зан чанарууд бус өөрийн гэсэн онцгой чанарууд байдгийг санаад тэднийгээ хайрла.

Өөрийнхөө хувь хүнтэй танилц

Хэрвээ өөрийгөө шинжиж үзэхийг хүсвэл энд дараад үнэгүй тест өгч болно.

Гэхдээ бие даасан байдалтай хувь хүний чанар ямар хамаатай юм бэ гэж үү?

Энэ нь таныг өөрийгөө мэдэхэд туслахаас гадна өөрийнхөө хувь хүнийг хайрлаж, өөртөө итгэлтэй байхад тусалдаг.

Өөрийгөө нэн түрүүнд тавь

Хамгийн сүүлд өөрийнхөө төлөө юу хийсэн бэ? Бид ихэвчлэн бусдыг өөрөөсөө түрүүнд тавих хандлагатай байдаг. Гэр бүл, нөхөр, хүүхэд эсвэл найз нөхөд гэх мэт. Бусдад анхаарал бүү тавь гэсэн үг биш. Гэхдээ хамгийн түрүүнд хайрлах ёстой хүн бол чи өөрөө шүү дээ.

Та хэзээ ч өөртөө анхаарал халамж тавилгүйгээр бусдыг хайрлаж бүрэн халамж тавьж чадахгүй. Учир нь ‘Өөрийгөө гаргуунд гаргах’ нь бие мах бодын болон сэтгэл зүйн эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх болно.  Эмч өөрөө эрүүл бус бол яаж бусдыг эмчлэх билээ?

Шийдэмгий бай

Өөрөөсөө юу хүсэж байгаагаа асууж үзсэн үү? Та өөрийн байр сууринд зогсдог уу эсвэл зүгээр л бусдыг дагадаг уу? Энэ нь илүү ‘хялбар’ болохоор?

Шийдэмгий байна гэдэг гэдэг нь бүдүүлэг бай гэсэн үг биш. ‘Тийм’ бас ‘Үгүй’ гэдэг үгийг хэлж чадах зоригтой, шударга байгаарай.

Тийм, үгүй гэж хэлж сурах нь мэдээж практик шаардана. Эсрэг байдлаар нь хийж үзээрэй. Хэрвээ та байнга үгүй гэж хэлдэг бол тийм гэж хэлэх нь өөрийгөө сорих алхам болж мэдэх юм. Хэрвээ байнга тийм гэж хэлдэг бол үгүй гэж хэлж үзээрэй. Бүх хүмүүсд таалагдах гэж өөрийгөө зовоодог бол энэ нь шинэ алхам байх болно.

Найз чинь танаас хамт хоол идэх үү гэж асуусан ч та ганцаараа байж ажилдаа анхаарал тавьмаар байвал өөрийгөө завгүй гэдгийг тайлбарлаад “үгүй” гэж эелдгээр хэлдэг байгаарай. Найздаа “үгүй” гэж хэлсэн ч та өөртөө “тийм” гэж хэлж байгаа хэрэг.

Уучлах ухаанд суралц

Уучлана гэдэг нь хэн нэгэн таныг шархлуулахад тоохгүй байхын нэр биш. Уучлалт нь та нөгөө хүнээ өршөөж байгаагаас гадна дотоод сэтгэлдээ амар тайван байх боломжийг өөртөө олгож буй хэрэг. Хүн бүр алдаа гаргадаг. Санаатай ч бай, санамсаргүй ч бай таныг шархлуулсан гомдоосон нэгнийг насан туршдаа сэтгэлдээ тээн үзэн ядаж, дургүйцлээ илэрхийлэх нь өөртөө өгч буй маш том хүнд ачаа. Тиймээс тэр хүнд ачаанаас өөрийгөө суллаж, уужуу сэтгэлээр бусдыг уучилж байгаарай.

Алдаа дутагдал гаргасан үедээ өөрийгөө ч мөн уучилж байгаарай. Та анх удаа амьдарч байгаа шүү дээ. Өөртөө хэт хатуу хандалгүй, уучлаад, алдаагаа давтахгүй байхад л анхаарахад болно. Алхам бүртээ төгс байх нь амьдрахын нэр биш: амжилт бүр ардаа тоо томшгүй алдаа, бүтэлгүйтлийн үр дүнд бий болсон байдгийг санаарай.

Бие даасан нэгэн болох нь нэг өдрийн дотор бий болох процесс биш ч боломжгүй зүйл бас биш. Дээрх 10 зөвлөгөөг хэрэгжүүлээд өөртөө болон амьдралдаа эерэг өөрчлөлт бий болохыг хараарай. 🖤

X, DearDiary