❤️Амьдралын хэв маяг Эрүүл мэнд & Фитнесс

Таны дархлааг дэмжих 6 төрлийн хүнс

Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид дэлхий даяар болж буй аюултай тахлын үр дагавараас бид COVID-19 бол хөнгөхөнөөр хүлээн авч үл тоох зүйл биш юм гэдгийг ойлгосон. Хэдийгээр сайн дархлаатай байх нь биднийг өвчин бүрээс хамгаалахгүй ч гэсэн энгийн ханиад, вирус болон амархан сульдахаас сэргийлж чадна.

DD нь өөрийгөө хайрлах тухай залхтал бичиж “үглэдэг” тул дахин сануулах хэрэггүй болов уу. Гэхдээ дэлхийд аюул нүүрлүүлж энэхүү тахлаас бидний ойлгож авах хэрэгтэй зүйл бол, та зөвхөн өөрийнхөө төлөө бус эргэн тойрны хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байдаг юм шүү.

Хэдийгээр генетик нөлөөтэй боловч эрүүл амьдралын хэв маягтай байх нь дархлаа сайтай байхад чухал нөлөөтэй. Жишээлбэл, хангалттай нойр авах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох нь таны дархлааг сайжруулж чадна.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй муу зуршлуудаа хаях, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор баялаг хооллолттой байх нь таны дархлааг онцгой дэмжиж өгнө. Жишээлбэл, өдөрт витамин С ихээр хэрэглэдэг хүмүүс (өдөрт 1000 mg) амьсгалын замын өвчтэй болох эрсдэл буурдаг гэсэн судалгаа бий.

Уургаар баялаг хүнс

Биед буй вирус, бактерийн эсрэг тэмцдэг “antibodies” ялгаруулахын тулд та уургаар баялаг хоол хүнс идэх шаардлагатай байдаг. Үүнд мэдээж сүү сүүн бүтээгдэхүүн багтана. (хуурай биш үнээний сүү, тараг, бяслаг гэх мэт.)

Мөөг

Мөөг нь антиоксидант, витамин D, Гелийгээр баялаг байдаг бөгөөд бидний дархлааг дэмжихийн хамт бие организмийг цэвэрлэж өгдөг. Дархлааг дэмжиж өгдөг “enoki, shitake, maitake” гэх мэт хэд хэдэн онцгой төрлийн мөөгнүүд байдаг. Мөөгтэй ижил шинж чанартай хүнсний ногоонуудыг мөн хэрэглэж болно: лууван, улаан лооль, zucchini, хулуу, чинжүү гэх мэт.

Сармис

Сармис нь антиоксидантаар баялаг, мөн бактери болон вирусын эсрэг шинж чанартай.

Ус

Дахиад ус уу? гэж гайхаж магадгүй. Гэхдээ дахиад л ус. Таны биеийн эд эс болон дархлааны системийг тань тогтвортой ажиллуулахад хангалттай хэмжээний ус байх ёстой. Таны бие доторх бүхий л эд эс сайн нөхцөлд үүргээ гүйцэтгэхэд тусалдаг тул ус нь чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас энийг уншиж байгаа бол яг очоод ус уугаарай!

Цайр агуулсан хүнс

Цайр нь бие доторх бактери, вирустэй тэмцэхэд дархлааны системийг дэмжиж өгдөг. Мөн хүний биеийн эс доторх генетикийн мэдээллийг агуулдаг DNA, уургийг бий болгодог. Тийм учраас жирэмсэн үед цайр агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг байна. Цайр агуулсан хүнснүүдэд самар, овъёос, мах, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг хүнс багтана.

Омега-3 (Өөхний хүчил)

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Омега-3 нь дархлааг ч дэмжих “ид шидтэйг” эрдэмтэд тогтоогоод байгаа юм. DD нь өөрөө өдөр тутамдаа Омега-3 хэрэглэдэг тул үр дүнтэй гэдгийг нь хэлж чадна. Хаана агуулагддаг вэ? Маалингын үр, загас, хушга, чиа үр зэрэгт агуулагддаг. Дархлаа дэмжихээс гадна арьс, үсийг дотроос чийгшүүлж нүүрэн дээр батга гарах багассан нь мөн ажиглагдсан шүү.

Нэмэлт зөвлөгөө:

Дархлаанд идэж буй хоол хүнс чухал нөлөөтэйн хамт сэтгэл санаа, оюун бодлоо тайван, тогтвортой байлгах нь мөн чухал шүү. Стресс хүний дархлаанд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс стресстсэн үедээ стрессээ зөв аргаар тайлж, эерэг зүйлсэд төвлөрч байгаарай.

X, DearDiary🧡