Урам зориг Хувь хүний хөгжил

Гэрээсээ ажиллах / суралцах зөвлөгөө 💻

Сүүлийн үед COVID-19-тэй холбоотойгоор маш олон хүмүүс гэрээсээ хичээлээ хийх / ажиллах шаардлагатай болсон. Мэдээж үргэлжлүүлэн биечлэн ажил дээрээ очиж ажиллаж буй хүмүүс ч олон бий. Та аль нь ч бай эрүүл мэндээ хамгаалж, анхаарал болгоомжтой байхыг хүсье.

Харин гэрээсээ ажлаа хийж, хичээлээ хийж байгаа уншигчдадаа зориулаад өөрийн зүгээс зөвлөгөө бэлтгэлээ. Гэрээсээ ажиллаж/суралцсанаар ирж/очих зардал болон цаг хэмнэх, хэрэггүй зардлууд гаргахгүй байх, гэр бүлтэйгээ ойр байх боломж, “pajamas”-тайгаа суугаад ажлаа хийх боломж гэх мэт олон давуу талууд бий.

Coffee Working Sticker by Sara Tomate

Гэвч заримдаа хиймээргүй санагдах, урам зориг, эрч хүчгүй байх, ажлуудаа хойш тавих, төвлөрч чадахгүй залхуурах, цагаа дэмий үрэх, ямар нэг төлөвлөгөөгүй, цагийн менежментгүйгээс үүдэн цаг хугацаанд ажлуудаа амжуулж чадахгүй байх гэх мэт асуудал бэрхшээлүүд байж болно. Надад бас ийм асуудлууд тулгарч байгаа учраас өөр дээрээ туршсан, амжилттай үр нөлөөгөө өгсөн зөвлөгөөнүүдээсээ хуваалцъя гэж бодлоо.

Холбогдолтой нийтлэл: Гэртээ байгаа хугацаагаа үр бүтээмжтэй өнгөрүүлэх 6 санаа

Өглөөний хэвшилтэй болох

Та ажил, хичээлдээ гарахдаа өглөө бүр хийж заншсан “routine” буюу хэвшилтэй байсан байх. Харин одоо тогтмол цагт унтаж, сэрэхээ больж босоод л утсаа үздэг болчихсон бол энэ зөвлөгөө танд тохирно. Өөртөө тохирох, таныг өнөөдрийн “ажлын/хичээлийн” өдөрт бэлтгэх өглөөний хэвшлийг бий болгоорой. Босонгуутаа утсаа үзэх цагаа багасгаж, орон дээрээ хөнгөхөн сунгалт хийх, бясалгал хийгээд кофегоо эсвэл дуртай өглөөний цайгаа бэлтгэх гэх мэт.

Өөрийгөө бэлтгэх (get ready)

Надад хааяа босоод нүүрээ ч угаамааргүй санагддаг. #exposingme😝 Гэхдээ та өөрийгөө аль болох ажлаа/хичээлээ хийхэд тань туслах, бүтээмжтэй мэдрэмж төрүүлэхийн тулд өглөө босоод арьс арчилгаагаа хийгээд (одоо түүндээ илүү цаг зарцуулах боломжтой!), нарны тосоо түрхээд, хүсвэл хөнгөхөн make-up хийж ч болно. Мөн унтлаганы хувцас, гэрийн хувцсаа сольж танд илүү үзэсгэлэнтэй мэдрэмж өгөх хувцаснуудыг сонгоорой.

Хүмүүс ихэвчлэн би гоё өдөр л гоё хувцаснуудаа өмсөнө гэж хадгалдаг. Гэхдээ өнөөдөр гоё өдөр шүү дээ. ✨ Өөрт чинь гайхалтай мэдрэмж бэлэглэдэг хувцаснуудыг өмсөх хязгаар/тоо гэж байдаггүй юм шүү.

Ажлын/хичээлийн ширээгээ цэгцлэх

Таны ажиллаж, хичээлээ хийж буй орчин танд маш хүчтэй нөлөөлдөг. Ширээ тань замбараагүй, хэрэггүй зүйлсээр дүүрэн байх нь таны анхаарлыг сарниулж, стресстүүлдэг. Тиймээс аль болох зохион байгуулалттай, цэгцтэй байлгаарай. Хичээлээ хийж байгаа бол зөвхөн хичээлийн дэвтэр номнуудаа байлгаж болно. Мөн компьютер дээрх замбараагүй файлуудаа ч цэгцлэхээ мартаж болохгүй. Хичээл бүртээ шинэ фолдер нээж, лекц даалгавруудаа тус тусд нь хадгалах нь дараа нь хайхад ч хэрэгтэй. 💯🤗

Өдрөө төлөвлөх / хийх зүйлсийн жагсаалт гаргах

Өөрийн туршлагаас хуваалцахад, зүгээр толгойдоо бодсоноос илүүтэйгээр цаасан дээр хийх зүйлсийн жагсаалтаа буулгаснаар хийх магадлал илүү ихэсдэг санагдсан. Миний хувьд “bullet journal” ашиглаж хийх зүйлсээ төлөвлөдөг. Хэрэв заавал дэвтэр худалдаж авмааргүй байгаа бол зүгээр цаасан дээр бичээд нүдэнд харагдах газраа наачихсан ч болно.

Саад болох зүйлсийг холдуулах

Ширээн дээрээ ажлаа хийж сууж байтал инстаграмаас мэдэгдэл ирэх үед орж харангуутаа үргэлжлүүлээд хүмүүсийн постуудыг гүйлгэж эхэлсэн үе танд байгаа юу? Надад үргэлж тохиолддог зүйл. Ийм үед өөрт тань саад болох зүйлсийг аль болох холдуулаарай. Утасныхаа wifi-г унтраагаад өөр өрөөнд байршуулж болно, эсвэл мэдэгдэл ирэх тохиргоор унтраах ч боломжтой.

Шинэ сонирхолтой дадал зуршлуудыг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх

Өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан ч амждаггүй дадлуудаа одоо хэрэгжүүлж үзээрэй. Жишээлбэл, DD нь долоо хоногт гурван удаа дасгал хийж, өдөр бүр ном уншихийг хичээдэг болсон. Таны амьдралын бусад салбаруудад нөлөөлдөг дадал зуршил гэж байдаг. Дасгал хийснээр та эрч хүчтэй болж бие хөнгөрснөөр ажил, хичээлээ хийх урам зоригтой байх болно. Бясалгал хийснээр та сэтгэлзүйгээ амар тайван байлгаснаар ажил, хичээлдээ илүү төвлөрөх боломжтой болно гэх мэт. Тиймээс сонирхолтой зуршлуудыг өөртөө суулгаж ямар үр дүн гарахыг нь хараарай.

Холбогдолтой нийтлэл: Төхөөрөмж шаардлагагүй гэртээ хийж болох дасгалууд

Хөл хорионд байлаа гээд өөрийгөө хөгжүүлэх боломжгүй гэсэн үг биш шүү. Харин ч энэ цагийг ашиглан шинэ хоббитой болж, дасгал хийж, шинэ хэл сурч, олон номнууд уншаад карантинаас гарч ирэхдээ цоо шинэ хүн болоод гараад ирээрэй! #ХамтдааХичээцгээе

 

View this post on Instagram

 

A post shared by DearxDiary.org (@dearxdiary_org) on

Та карантины үеэр өөртөө ямар хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!

X, DearDiary